“Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-тай хамтран ажилладаг харилцагч та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлсэд тань амжилт хүсье.
Манай газрын түүх нь анх 1978 онд Улаанбаатар хотын дүүрэг бүрд сургууль цэцэрлэгүүдийн нэгдсэн аж ахуйн төв нэртэй байгууллагууд байгуулагдсан үеэс эхлэл суурь нь тавигдаж байсан. Энэ цаг хугацаанаас хойш өөрчлөн шинэчлэгдсээр 2011 оны Нийслэлийн Засаг Даргын 40 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг дэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнс, хангамжийн асуудлыг хариуцан гүйцэтгэхээр одоогийн “Хүнс хангамж төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нэртэйгээр өөрчлөн байгуулагдсан.
Өнөөдрийн “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн чадварлаг ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, хэрэглэгч харилцагч нэг бүрийн сэтгэлийн дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна. Бид захирал, менежер, ерөнхий нягтлан бодогч, хуульч, хүний нөөц, архив, бичиг хэрэг, түгээлтийн менежер, тооцооны нягтлан бодогч, эрүүл ахуйч, хүнсний технологич, агуулахын нярав, касс, эд хөрөнгийн нярав, борлуулалтын нярав, түгээлтийн жолооч, ачигч, үйлчлэгч, манаач гэсэн 24 ажилтантайгаар харилцагч 14 байгууллагаас 90 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх төрийн өмчит 57 цэцэрлэгийн 24.0 мянга гаруй хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон илчлэг, шимт бодисын хэрэгцээ, хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг захиалгын дагуу түргэн шуурхай, тасралтгүй ханган нийлүүлж байна.
Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж байгаа нийт харилцагч, цэцэрлэгийн нийт ажилчин, албан хаагчид болон бяцхан хөөрхөн үрсүүд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
“Хүнс хангамж төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал Д.Идэрзаяа