БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ

   1978 онд Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүд, БНМАУ-ын Сангийн яам, Ардын боловсролын яамны коллегийн хамтарсан хурлын 257/291/325 тоот тогтоолын дагуу Улаанбаатар хотын дүүрэг бүрд сургууль цэцэрлэгүүдийн нэгдсэн аж ахуйн төв нэртэй байгууллагууд байгуулагдан 1990-ээд оны эхэн хүртэл үйл ажиллагаа нь явагдаж иржээ.

   1990 онд Үндсэн хууль өөрчлөгдөж, түүнд нийцсэн “Аж ахуйн нэгж компанийн тухай” шинэ хууль гарснаар нэгдсэн аж ахуйн төвүүд бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж,  компанийн зохион байгуулалтаар ажиллах болсон байна.

   1992 оны Улсын Их хурлын 18 дугаар тогтоол, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн үеийн Октъбрын районыг салган Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болгон тусгаарлан 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг албан ёсоор үүсгэн байгуулагдсан.

   Үүнээс хойш дүүрэг бүрийн дэргэд цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хангалтыг хариуцан ажилладаг байгууллагууд байгуулагдсаны нэг нь “Тахилт” улсын үйлдвэрийн газар юм.

   2006.07.01-ний өдрийн НИТХТ-ийн 154-р тогтоолоор дүүрэг бүрийн дэргэдэх “Асгат”, “Балчирхан”, Тахилт”, Хан-Уул хангамж”, “Сүх-жанжин” улсын үйлдвэрийн газруудыг татан буулгаж энэхүү тогтоолоор “Асгат”, “Өсвөр-Үе хүнс”, “Багачууд хүнс” НӨҮГ-ыг байгуулсан.

   Үүнээс хойш 2011 он хүртэл “Асгат” НӨҮГ нь Сонгинохайрхан, Баянгол дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийг хариуцан ажиллаж байсан.

   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний хангамжийн асуудлыг хариуцан гүйцэтгэхээр “Хүнс хангамж төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нэртэйгээр байгуулагдаж, Нийслэлийн Засаг Даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр захирамжаар дүрэм, бүтэц орон тоогоо батлуулж захирал, ерөнхий нягтлан бодогч, менежер, оффис менежер, тооцооны нягтлан бодогч, нярав, эрүүл ахуйч, жолооч, ачигч гэсэн 12 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж, захирлаар Ш.Бурмаа томилогдон ажиллаж байжээ.

   Энэ үед Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 35 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 11000 хүүхдийн хүнсний хангалтыг хариуцан ажиллаж байжээ.

   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны  1 дүгээр сарын 26-ны  өдрийн 27 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг шинэчлэн баталсан.

   Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/323 тоот захирамжаар бүтэц орон тоогоо шинэчлэн батлуулж захирал, менежер, ерөнхий нягтлан бодогч, хүний нөөц, бичиг хэрэг, тооцооны нягтлан бодогч, эрүүл ахуйч, хүнсний мэргэжилтэн, агуулахын нярав, хүнсний нярав, борлуулалтын нярав, түгээлтийн жолооч, ачигч, үйлчлэгч, манаач гэсэн 20 ажилтантайгаар ажиллаж Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 53 цэцэрлэг, хувийн хэвшлийн 1 цэцэрлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Жаргалант тосгоны 121, 74 дүгээр сургуулийн дотуур байрны нийт 20000 гаруй хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон илчлэг, шимт бодисын хэрэгцээ, хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг захиалгын дагуу түргэн шуурхай тасралтгүй ханган нийлүүлж байна.

   Нийслэлийн Засаг Даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ны Б/64 тоот захирамжаар “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын захирлаар Б.Ичинхорол томилогдон Нийслэлийн Засаг Даргын 2019  оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/123 тоот тушаалаар чөлөөлөгдсөн байна.

   Нийслэлийн Засаг Даргын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/124   тоот тушаалаар “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын захирлаар Н.Ууганбаяр томилогдон ажиллаж байна.